“МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛЫН ХОЛБОО”

Төрийн бус байгууллагын дүрэм

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1-р зүйл. Дүрмийн зорилго

  1. “Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбоо” /цаашид МАУБХ гэх/-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилго, бүтэц зохион байгуулалт, удирдлага, санхүүжилт болон өөрчлөх, татан буугдах үндэслэлийг тогтооход оршино.
  2. МАУБХ нь өөрийн бэлгэдэл бүхий лого, “Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбоо” гэх албан ёсны нэртэй бөгөөд товчилсон нэртэй байж болно.
  3. МАУБХ нь анагаах ухааны боловсрол судлалын чиглэлээр мэдээлэл хүргэх, үйл ажиллагаагаа сурталчлах, эрдэм шинжилгээ судалгааны өгүүлэл нийтлүүлж нийтийн хүртээл болгох тогтмол хэвлэл (мэргэжлийн сэтгүүл)-тэй байна.

2-р зүйл. Хуулийн үндэслэл

  1. МАУБХ нь Монгол улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон энэ дүрмийг үндэслэн байгуулагдах, өөрчлөх, татан буугдах бөгөөд үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
  2. МАУБХ нь Үндсэн хууль, төрийн бус байгууллагын тухай хууль дүрэмд заагдсанаас бусад байдлаар татан буулгахыг хориглоно.

3-р зүйл. Хуулийн этгээдийн эрх

  1. МАУБХ  нь хуулийн этгээдийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
  2. МАУБХ нь өөрийн бэлгэдэл, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх, банк санхүүгийн байгууллагад харилцах данстай байна.

4-р зүйл. Төрийн бус байгууллагын оноосон нэр, хууль ёсны байршил хаяг, байгуулагдсан огноо

 

  1. Төрийн бус байгууллагын оноосон нэр:

Монгол хэлээр:  “МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛЫН ХОЛБОО”

 Англи хэлээр:    "MONGOLIAN MEDICAL EDUCATION ASSOCIATION"

  1. Төрийн бус байгууллагын  хууль ёсны  байршил, хаяг:
  • Хот : Улаанбаатар хот
  • Дүүрэг : Сүхбаатар дүүрэг
  • Баг хороо : I хороо
  • Гудамж, хороолол : С.Зоригийн гудамж
  • Оршин байх  хаяг:  АШУҮИС-ийн хичээлийн II байр
  • E майл хаяг: mongolian.mededu@gmail.com
  1. Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагчид:
  • Цэрэнхүүгийн ЛХАГВАСҮРЭН            
  • Нямжавын СҮМБЭРЗУЛ                       
  • Дашцэрэнгийн АМАРСАЙХАН
  • Далхын ЦЭРЭНДАГВА
  • Дамдинбазарын ОТГОНБАЯР
  1. Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан он, сар, өдөр:

Хууль зүй дотоод хэргийн сайдын 2002 oны 12  сарын 30-ны өдрийн 309 тоот тушаалаар № 2120, Регистрийн дугаар РД:1010158 тоот дугаар дугаараар улсын бүртгэлд бүртгэгдсэн.

5-р зүйл. Байгууллагын оршин тогтнох хугацаа

  1. МАУБХ нь үүсгэн байгуулагчдын хурлаар үүсгэн байгуулах тухай шийдвэр гаргаснаар үйл ажиллагаагаа эхэлж, удирдах зөвлөлөөс татан буулгах тогтоол гаргаснаар дуусгавар болно.
  2. МАУБХ нь энэ дүрэмд заагдсан бусад үндэслэлээр татан буугдаж болно.

 

ХОЁР. ЗОРИЛГО, ЗАРЧИМ, ҮНДСЭН ЧИГЛЭЛ

6-р зүйл. Зорилго, зарчмууд

 

  1. МАУБХ нь анагаах ухааны боловсрол судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудыг нэгдсэн бодлогоор хангах, анагаах ухааны боловсролын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулах тухайлбал: сургалт зохион байгуулах, сургалтын байгууллагад боловсролын үйлчилгээний чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлээр сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх чиглэлд олон улсын анагаахын боловсролын холбоод, их, дээд сургуулиуд, иргэн, хуулийн этгээд , төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэл бүхий, төрийн бус байгууллага мөн.
  2. МАУБХ  нь үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, ил тод байдал, хууль дээдлэх, хамтын удирдлагын болон аливаа улс төрийн хүчнээс хараат бус байх зарчмуудыг үйл ажилагаандаа удирдлага болгоно.

7-р зүйл. Үйл ажиллагааны чиглэл

  1. МАУБХ нь дээд боловсролын байгууллага, анагаах ухааны сургуулиудад анагаах ухааны боловсрол судлалын бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвөлгөө өгөх, сургалт зохион байгуулах, байгууллага, хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэл хийлгэхэд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх,  төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт, судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна.

ГУРАВ. БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УДИРДЛАГА

8-р зүйл. Төвийн бүтэц, зохион байгуулалт

  1. МАУБХ  нь Удирдах зөвлөл, Удирдах Зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирал,  нарийн бичгийн дарга гэсэн бүтэцтэй байна.
  2. МАУБХ  нь гадаад улс орон болон орон нутагт салбар, төлөөлөгчтэй байж болно.

9-р зүйл. Бүтэц, Албан тушаалын нэр томьёо

  1. Удирдах зөвлөл гэдэгт МАУБХ төрийн бус байгууллагын эрх барих дээд зөвлөлийг,
  2. Удирдах зөвлөлийн дарга гэдэгт Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг манлайлж, хурлыг удирдах эрхтэй даргыг,
  3. Удирдах зөвлөлийн гишүүн гэдэгт Удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох үүсгэн байгуулагчийн төлөөлөл болон сонгуульт гишүүнийг,
  4. Гүйцэтгэх захирал гэдэгт МАУБХ төрийн бус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг манлайлж, гадаад болон дотоод харилцаанд бүрэн эрхтэйгээр байгууллагыг төлөөлөх, эрх бүхий удирдах зөвлөлөөс 4 жил тутам сонгон баталсан захирлыг,
  5. Нарийн бичгийн дарга гэдэгт гүйцэтгэх захиргааг төлөөлөн ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж,  гүйцэтгэх захирлын өмнө хариуцах орон тооны бус нарийн бичгийн даргыг,

ДӨРӨВ. УДИРДАХ ЗӨВЛӨЛ

10-р зүйл. Удирдах зөвлөл

  1. Удирдах зөвлөл нь Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбоо төрийн бус байгууллагыг бодлогын удирдлагаар ханган ажиллах үүсгэн байгуулагчийн болон сонгуульт гишүүдээс бүрдсэн эрх барих зөвлөл мөн.
  2. Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо 5-аас 7-ын хооронд байна.

 

11-р зүйл. Удирдах зөвлөлийн бүрэн эрх.

  1. Удирдах зөвлөл нь дараах бүрэн эрх эдэлнэ.
  • Байгууллагын зорилго, зорилтуудыг тодорхойлох
  • Байгууллагын үндсэн дүрэм батлах, нэмэлт өөрчлөлт оруулах
  • Байгууллагыг зөвхөн заасан үндэслэлээр татан өөрчлөн байгуулах, татан буулгах
  • Гүйцэтгэх захирлыг удирдах зөвлөлийн гишүүдийн санал болгосноор томилох, солих, үнэлэх
  • Байгууллагын санхүүгийн бодлогыг боловсруулах, жилийн төсөв батлах
  • Байгууллагыг олон нийт, засгийн газар, бусад хуулийн этгээдтэй холбох
  • Хөрөнгө босгох үйл ажиллагааг удирдах
  • Байгууллагыг бодлогын манлайлалаар хангах
  • Байгууллагын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах
  • Дүрэмд заасан бусад бүрэн эрх
  1. Удирдах зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх, өөрийгөө удирдах, үнэлэх, нөхөн сонгох, чөлөөлөх зэрэг өөрийн удирдлагаар ажиллах зарчмыг баримтална.
  2. Удирдах зөвлөл захиргааны ажлын албаны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөн оролцохыг хориглоно.

12-р зүйл. Удирдах зөвлөлийн гишүүн

  1. Удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох үүсгэн байгуулагчийн төлөөлөлтэй болон сонгуульт этгээдийг удирдах зөвлөлийн гишүүн гэнэ.
  2. Удирдах зөвлөлийн гишүүн тус бүр 4 жилийн хугацаатай сонгогдох бөгөөд хэдэн ч удаа улиран сонгогдох эрхтэй.
  3. Удирдах зөвлөлийн шинэ гишүүнийг үүсгэн байгуулагчдын санал болгосоноор удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, олонхийн саналаар батлан сонгоно.

13-р зүйл. Удирдах  зөвлөлийн дарга

  1. Удирдах зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
  2. Удирдах зөвлөлийн дарга нь удирдах зөвлөлийн хурлыг товлон зарлах, хурал удирдах, хурлын шийдвэрийг баталгаажуулах бүрэн эрхтэй.
  3. Гүйцэтгэх захирал, түүний ажлын албанд өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар чиглэл өгөх

14-р зүйл. Удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх, татгалзуулах журам

  1. Удирдах зөвлөлийн дарга, гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөхийг хүссэн хүсэлтээ удирдах зөвлөлийн хуралд оруулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.
  2. Удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь ажлын шаардлага хангахгүй байгаа буюу зөрчил гаргасан тохиолдолд үүсгэн байгуулагчийн санал оруулсанаар удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар халах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ.
  3. Удирдах зөвлөлийн хурлыг байнга тасалдаг, байгууллагын үзэл баримтлал, зарчмыг зөрчсөн, сонирхолын зөрчилд автагдсан, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг татгалүуулах шалтгаан болно.

 

15-р зүйл. Удирдах зөвлөлийн хурал, ээлжит, ээлжит бус хурал

  1. Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бүрэн эрхээ хурлаараа хэрэгжүүлнэ.
  2. Удирдах зөвлөлийн хурал нь ээлжит болон ээлжит бус хурлын төрөлтэй байна.
  3. Ээлжит хурал нь улиралд 1-с доошгүй удаа хуралдана. Ээлжит хурлын хугацаа нь байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байна.
  4. Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн гишүүдийн 1/3-ийн хүсэлтээр ажлын өдөр зарлан хуралдуулж болно.

16-р зүйл. Удирдах зөвлөлийн хурлын тов, хэлэлцэх асуудал, ирц

  1. Хурлын тов, хэлэлцэх асуудлыг удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захиралтай хамтран боловсруулж хурал болохоос 10 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ.
  2. Удирдах зөвлөлийн хурал болохоос өмнө гишүүд хэлэлцэх асуудалд саналаа өгч болно.
  3. Удирдах зөвлөлийн хуралд хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг авч хэлэлцэхийг хориглоно.
  4. Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 нь ирсэн бол хурлыг хүчинтэйд тооцно.

 

17-р зүйл. Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гаргах журам

  1. Удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол байна. Удирдах зөвлөлийн тогтоолд удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болно.
  2. Удирдах зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг үураагүй тохиолдолд шийдвэрийг эс зөвшөөрсөн буюу хориг тавьсан гэж үзнэ.
  3. Удирдах зөвлөлийн шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагч эцсийн шийдвэр гаргах эрхийг эдэлнэ.

ТАВ. ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

18-р зүйл. Гүйцэтгэх захирал

  1. Гүйцэтгэх захирал нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байна.
  2. Гүйцэтгэх захирлыг удирдах зөвлөлөөс 4 жилийн хугацаатай ил санал хураалтын үндсэн дээр томилж, чөлөөлнө.
  3. Гүйцэтгэх захирал нь дахин нэг удаа улиран сонгогдох эрхтэй.
  4. Гүйцэтгэх захирал нь удирдах зөвлөлийн өмнө байгууллагын өдөр тутмын ажлын үйл ажиллагааг хариуцна.
  5. Удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг хангалтгүй ажилласан, байгууллагын үзэл баримтлал, зарчмыг зөрчсөн, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон, цаашид гүйцэтгэх захирлыг эрхлэн гүйцэтгэж чадахгүй гэж үзвэл удирдах зөвлөлд бичгээр санал гарган олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.

9-р зүйл.Гүйцэтгэх захирлын эрх мэдэл, үүрэг хариуцлага

 

  1. Гүйцэтгэх захирал нь ажлын албатай байж болох бөгөөд дараах эрх, үүрэг эдэлнэ.
  • Удирдах зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах
  • Удирдах зөвлөлийн даргын өгсөн чиглэмж, үүрэг даалгаврыг гүйцэтгэх
  • Байгууллагын жилийн болон улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, үйл ажиллагааг удирдах зөвлөлд тайлагнах
  • Удирдах Зөвлөлөөс олгосон эрх мэдлийн хүрээнд бусад байгууллагатай гэрээ, хэлцэл байгуулах
  • Өөрийн ажлын албаны хүний нөөцийг бүрдүүлэх, удирдах, үнэлэх, чөлөөлөх
  • Сайн дурынхан болон олон нийттэй ажиллах
  • Удирдах зөвлөлийг мэдээлэлээр хангах
  • Нарийн бичгийн даргыг удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх
  • Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг захиран зарцуулах, санхүүгийн үйл ажиллагааны тайланг жил бүр удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж холбогдох төрийн байгууллагад тайлагнах

 

ЗУРГАА. ХОЛБООНЫ ГИШҮҮН

 

20-р зүйл.Холбооны гишүүн, түүний эрх, үүрэг

 

  1. Холбооны дүрмийг зөвшөөрсөн анагаахын болон эрүүл мэндийн сургуулиуд, эрдэмтэн багш нар, тэдгээр сургуулийг төгсөгч эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллага, аж ахуйн нэгж холбооны гишүүн байна.
  2. Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн бусад байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн холбооны гишүүн байж болно.
  3. Холбооны гишүүн болох хүсэлтэй хувь хүний өргөдлийг үндэслэн холбооны гишүүнээр бүртгэж авна.
  4. Холбоонд элсэхээр саналаа гаргагч байгууллага нь тухайн байгууллагын хамт олны дийлэнх олны саналыг үндэслэн МАУБ-ын Холбоонд элсэх шийдвэр гаргасан бол түүнийг үндэслэн гишүүн байгууллага хэмээн бүртгэж авна.
  5. Монгол улсын анагаах ухааны боловсролыг хөгжүүлэх, онол, практикийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, анагаахын сургуулиудаар мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүнийг иргэний харъяалал үл харгалзан МАУБ-ын Холбооны хүндэт гишүүнээр сонгоно. Хүндэт гишүүн сонгох асуудлыг холбооны удирдах зөвлөл шийдвэрлэнэ.
  6. Холбооны гишүүн нь удирдах зөвлөлд сонгогдох, хүний нэр дэвшүүлэх, нэрээ дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхтэй.
  7. Холбооны гишүүн нь холбооны дүрэм, удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлнэ.
  8. Холбооны гишүүн холбооны үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин анагаах ухааны боловсролын чиглэлийн сургалт, мэргэжлийн тусламж, онол-практикийн судалгаа, шинжилгээний асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн, ёс суртахууны болон хөрөнгө оруулалтын аль нэгэн хэлбэрээр идэвхтэй оролцох
  9. Холбооны гишүүн байгууллага жилд 2'000’000 төгрөг, гишүүн 20000 /МАУБХ-ны Удирдах Зөвлөлийн 2015.04.24-ны өдрийн хурлаар шинэчилсэн/төгрөгийн татварыг жил бүр холбооны дансанд хийж гишүүнчлэлээ баталгаажуулна.
  10. Анагаахын сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцоно.
  11. Гишүүн байгууллага болон хувь хүмүүс өөрсдийн хүсэлтээр гишүүнчлэлээс татгалзах эрхтэй.
  12. Холбооны гишүүн нь тус холбооны ээлжит бус хуралдаан хуралдуулах тухай санал тавих эрхтэй.

21-р зүйл. Санхүүгийн эх үүсвэр

  1. Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбоо ТББ нь дараах орлогын эх үүсвэрээс санхүүжиж үйл ажиллагаагаа явуулна.
  • Гишүүний татвар, хандив
  • Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив
  • Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллаганаас олсон орлого
  • Түүөсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө
  • Хуульд заасан бусад эх үүсвэр

22-р зүйл. Орлогоо зорилгод нийцүүлэн зарцуулах

  1. ТТБ-ын тухай хуульд заасны дагуу олсон орлогыг дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд зориулан зарцуулах ба хэнд ч ашиг хуваарилан, зээл олгож, хөрөнгийн баталгаа гаргахыг хориглоно.
  2. ТББ-ын удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтны хэн ч байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

23-р зүйл. Санхүүгийн хяналт

  1. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирдах зөвлөлөөс хянах шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн хяналт оруулах шийдвэрийг удирдах зөвлөл гаргана.

24-р зүйл.Санхүүгийн жил, тайлан

  1. МАУБХ ТББ-ын санхүүгийн жил 01-р сарын 01-нээс эхэлж 12-р сарын 31-нд дуусгавар болно.
  2. ТББ-ын санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг зохих хууль, журмын дагуу гаргаж дараа оны 02- р сарын 15-ны дотор татварын албанд тайлагнана.
  3. Гүйцэтгэх захирал нь шаардлагатай хуулийн этгээдэд үйл ажиллагааны тайлангийн хамт жилийн орлого, зарлагыг тайлагнана.

25-р зүйл. Өөрчлөн байгуулагдах, татан буугдах шийдвэр

  1. Удирдах зөвлөлөөс байгууллагыг нэгтгэх, хуваах,тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно.
  2. Удирдах зөвлөл ТББ-ын үйл ажиллагаа цаашид хэвийн явагдах боломжгүй болсон гэж үзвэл үйл ажиллагааг зогсоож, татан буулгах тогтоол гаргана.

26-р зүйл. Үлдсэн эд хөрөнгийг үл хуваах

  1. МАУБХ ТББ-ыг татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий нэг, эсхүл хэд хэдэн төрийн бус байгууллагад шилжүүлэх, ийм этгээд байхгүй тохиолдолд дүрэмд заасан зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зориулан зарцуулахаар шийдвэрлэнэ.
  2. ТББ-ын үлдсэн эд хөрөнгийг хувьдаа завьших, ашгийн төлөө байгууллагад шилжүүлэхийг хориглоно.

 

27-р зүйл. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах

  1. Удирдах зөвлөлийн олонхийн саналаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гүйцэтгэх захирал боловсруулна.
  2. Нэмэлт өөрчлөлтийг удирдах зөвлөлөөр баталсанаар хүчин төгөлдөр болно.
  3. Дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг 30 хоногийн дотор Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт хүргэх ажлыг гүйцэтгэх захирал хариуцна.

28-р зүйл. Дүрэм хүчинтэй болох

  1. Дүрэм нь үүсгэн байгуулагчид үүсгэн байгуулах шийдвэр гаргаж, дүрмээ олонхийн саналаар баталсанаар хүчинтэй болно.

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД:

 

  1. ЦЭРЭНХҮҮГИЙН ЛХАГВАСҮРЭН             /………………………………/
  2. НЯМЖАВЫН СҮМБЭРЗУЛ                          /………………………………/
  3. ДАШЦЭРЭНГИЙН АМАРСАЙХАН                        /………………………………/
  4. ДАЛХЫН ЦЭРЭН ДАГВА                             /………………………………/
  5. ДАМДИНБАЗАРЫН ОТГОНБАЯР               /………………………………/