Өгүүлэл хэвлүүлэх журам
“Анагаах Ухааны Боловсрол Судлал” сэтгүүлд өгүүлэл,
хүлээн авч нийтлэх журам
Нэг. Өгүүлэлд тавигдах шаардлага, нийтлэг журам
- Тухайн өгүүлэл нь өөр хэвлэлд хэвлэгдэж байгаагүй байх.
- Эмнэлзүйн болон эмнэлзүйн бус, тархвар судлалын чиглэлээр хийгдсэн бол зохих журмын дагуу ёс зүйн хорооноос зөвшөөрөл авсан байна.
- Өгүүлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг санаа дэвшүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц арга ашиглан гарсан үр дүнг шинжлэх ухаанчаар тайлбарласан байна.
- Сэтгүүлд ирэх материалыг сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга хүлээн авч, ерөнхий эрхлэгчид танилцуулна. Ерөнхий эрхлэгчийн томилсон шинжээч зөвшөөрсний үндсэн дээр өгүүллийг хэвлэлтэнд шилжүүлнэ.
Хоёр. Өгүүлэл бичих заавар
- Өгүүлэл нь монгол хэлээр бичигдсэн, англи, монгол товчлолтой байна.
- Өгүүлэл нь хэвлэмэл хуудас А4 хэмжээтэй цаасан дээр зүүн гар талаас 3.0 см, баруун гар талаас 2.0 см, дээр, доороос 2.0 см-ийн зайтай, үсгийн хэмжээ Аrial 12, мөр хоорондын зай 1.5, нийт 3-5 хуудас байна.
- Өгүүлэл нь дараах бүтэцтэй байна.
- Өгүүлэлийн нэр:
1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлчийн зохиогч уг ажлыг удирдсан байх. Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1.2 гэх мэтээр тэмдэглэн, нэрсийн доор зохиогчийн албан газар, 1-р зохиогчийн e-mail хаягийг бичсэн байна.
- Товч утга:
Зорилго, арга аргачлал, үр дүн, дүгнэлт гэсэн бүтэцтэйгээр 200-250 хүртэл үгэнд багтааж бичнэ.
- Түлхүүр үг:
Өгүүлэлийн санааг илэрхийлэхүйц 4-5 үг байна.
- Удиртгал:
Судалгааны ажлын үндэслэл, шинэлэг тал, зорилгыг тусгасан байна.
- Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй:
Судалгааны хэрэглэгдэхүүн, хамрах хүрээ, судалгааны арга, мэдээ материал цуглуулсан арга, статистик боловсруулалтын талаар тодорхой бичсэн байна.
- Үр дүн:
Судалгаанаас гарсан үр дүнг тодорхой бичих, үр дүнийн тайлбарыг хүснэгт болон зургаар илэрхийлэхдээ давхардуулахгүй байх. Хүснэгтийн гарчгийг хүснэгтийн дээд талд, зураг дүрслэлийн гарчгийг зургийн доод талд тавина.
- Хэлцэмж:
Судалгааны ажлын ач холбогдол, давуу болон сул талыг тусгахаас гадна судалгааны ажлаас гарсан үр дүнг гадаад, дотоодын бусад судлаачын ижил төстэй судалгааны үр дүнтэй харьцуулсан байна.
- Дүгнэлт:
Үр дүнд тулгуурласан товч тодорхой байна.
- Талархал:
1-2 өгүүлбэр байна. Судалгааны ажлын санхүүжүүлэгч, хамтрагчид болон судалгаанд оролцогчдод хандсан байна.
- Ашигласан хэвлэл:
Vancouver-ийн загвар ашиглан бичнэ.
- Англи товчлол:
Өгүүллийн нэр, зохиогчийн нэр, албан газар, өгүүллийн товч утгыг англи хэлээр 200-250 үгэнд багтааж бичсэн байх/
Жич:
- Ишлэлийг [1] гэж тэмдэглэнэ. Ишлэл авсан номыг зөв дугаарлаж, тодорхой бичнэ.
- Өгүүлэлд нэр томъёог товчилж болохгүй.
- Өгүүлэлд хэрэглсэн хэмжигдэхүүнийг Олон улсын СИ системээр тэмдэглэнэ.
- Өгүүлэлд фото зураг, график, диаграммыг хар, цагаан тод ялгарах контрасттайгаар тайлбарын хамт ирүүлнэ. Фото зураг DPI 300, JPEG болон TIF өргөтгөлтэйгээр хүлээн авах ба зургийг Text box-оор засварлахыг хориглоно.
- Хураамж:
Cэтгүүлд хэвлүүлэх өгүүлэлийн нэг нүүр тутамд 5000 төгрөгийн хураамж төлөх ба энэ нь сэтгүүлийн хэвлэлийн зардал болон редакторын ажлын хөлсөнд зарцуулагдана. Хураамжыг МАУБХ-ны Капитрон банкны төв салбарын 3053000178 тоот дансанд тушааж өгүүлэл ирүүлэхдээ хуулгыг авч ирнэ.
- МАУБХ-ны гишүүнд үзүүлэх урамшуулал
Монголын анагаах ухааны боловсролын холбооны тухайн оны гишүүнчлэлд бүртгүүлсэн гишүүн АУБС сэтгүүлийн нэг дугаар үнэгүй авах эрхтэй.
- Удирдагчийн захидал
Судалгааны ажлын албан ёсны удирдагчаас өгүүллийг АУБС сэтгүүлд хэвлэхийг хүссэн захидал ирүүлсэн байна.