card

МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛЫН ХОЛБОО

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монголын Анагаах Ухааны Боловсролын холбоо нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг анх 2001 оны 3-р сард ЭМШУИС-ийн захирал академич Ц.Лхагвасүрэнгийн санаачилгаар анх үүсгэн байгуулагдсан болно.

Тус байгууллага нь Монгол Улсын Эрүүл Мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэн гаргаж байгаа төрийн болон төрийн бус өмчийн анагаахын их, дээд сургуулиудын сургалтын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээний чиглэлээр байгуулагдсан цагаас хойш тасралтгүй 15 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Монгол оронд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр хувийн хэвшлийн сургуулиуд байгуулагдах боломж нээлттэй болж, ЭМШУИС-иас гадна 1991 онд “Оточ Манранба”, 1998 онд “Ач”, 2000 онд “Монос”, 2001 онд “Энэрэл”, 2004 онд “Этүгэн” зэрэг анагаах ухааны сургуулиуд байгуулагдан улсын 4, хувийн хэвшлийн 4 сургууль нэгдэн Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбоог (МАУБХ)-г 2001 онд байгуулсан нь анагаах ухааны боловсролыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой үйл явдал болсон юм.

Одоо Холбооны тэргүүнээр Монголын Анагаах Ухааны Академийн ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн, гүйцэтгэх захирлаар Ач АУИС-ийн Боловсрол эрхэлсэн дэд захирал АУ-ны доктор, профессор Д.Отгонбаяр нар ажиллаж байна.

Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбооны үндсэн үүрэг бол  Монгол улсад анагаахын боловсрол олгодог сургуулиудын үйл ажиллагааг холбож нэгтгэх, төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтаар анагаах ухааны боловсрол олгож байгаа процессыг үнэлж дүгнэх, үйл ажиллагааг хооронд нь нэгтгэх, чанарыг ахисан түвшинд хүргэх, явдал юм.

Холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн НЭГДҮГЭЭРТ төрийн ба төрийн бус анагаахын сургуулиудыг нэгтгэж сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох,оюутны мэдлэгийг үнэлэх үнэлгээг боловсронгуй болгох, сургалтын аргазүйг сайжруулах, өөрчлөх, шинэчлэх сургалтын агуулга бүтэц зохион байгуулалтыг олон улсын түвшинд хүрэх асуудлын санаачилж, өөрийнхөө ололт туршлагыг бусдад хүртээх, ХОЁРДУГААРТ Монголын ангааах ухаан боловсролын тогтолцоо болоод түүний  өнгө төрхийг илэрхийлж байгаа сургуулийн багш судлаачдыг олон улсын боловсролын холбооны хурал чуулганд оролцуулж, цаашид олон улсын чанартай Анагаахын Боловсролын сургалт, хурал зөвлөгөөнд оролцоr мэдэж сурсан зүйлээ бусдад сургуулийнхаа багш, мэргэжилтэнүүддээ хүртээх, түгээх, таниулах өөрөөр хэлбэл оюуны хөрөнгө оруулалтыг бусаддаа хүртээх хамтдаа хөгжих, хамтдаа бүтээх зорилгыг агуулж байгаа болно.  

Монголын Анагаах Ухааны Холбооны үйл ажиллагаа нь байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл 1-2 жил тутамд үндэсний хэмжээний хурлаа нийт 8 удаа зохион байгуулсан бөгөөд энэ салбарын судлаачдын бүтээлийг нийтийн хүртээл болгодог “Анагаах Ухааны Боловсрол” сэтгүүлийнхээ  6 дугаарыг хэвлүүлээд байна.

Түүнчлэн Холбоо нь төрийн захиргааны төв байгууллагууд болон олон улсын төслийн байгууллагын захиалга болон төслийн дагуу хэд хэдэн төсөл захиалгыг амжилттай хэрэгжүүлээд байна.

Тухайлбал Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамын захиалгаар Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбоотой байгуулсан гэрээний дагуу үндсэн 6 мэргэжлийн үүнд: Хүний их эмч, Уламжлалт анагаахын их эмч, Нүүр амны их эмч, Эм зүй, Сувилагч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх Дээд Боловсролын Стандартыг гишүүн сургуулиудын төлөөллөөс бүрдсэн 31 хүний бүрэлдэхүүнтэй баг хамтран ажиллаж Стандартчлал хэмжилзүйн газрын Боловсрол, соёлын стандартчиллын дэд хорооны 2012 оны 12 сарын  10-ны өдрийн хуралдаанаар хүний их эмч, уламжлалт анагаахын их эмч, нүүр амны их эмч, эм зүй, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх анагаах ухааны дээд боловсролын стандартуудыг хэлэлцүүлэн дэмжигдэж, 2012 оны 12 сарын 20-ны өдөр Монгол Улсын Стандартчилал Хэмжил Зүйн Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн баталгаажуулж Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөх Анагаахын Дээд боловсролын үндэсний стандартыг 6 мэргэжлийн чиглэлээр хэрэгжүүлж эхлээд байна.

Мэргэжлийн стандарт боловсруулах ажлын хэсэгт Монгол улсад тухайн чиглэлийн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэн төгсгөдөг тухайн үеийн ЭМШУИС-ийн салбар болон бүрэлдэхүүн сургууль, Ач анагаах ухааны дээд сургууль, Этүгэн анагаах ухааны дээд сургууль, Монос анагаах ухааны дээд сургууль, Оточ манрамба дээд сургууль, ЭМЯ, Стандартчилал хэмжилзүйн  газрын төлөөлөл бүхий 31 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажилласан болно.

МАУБХ нь 2013 онд ЭМШУИС-тай хамтран Азийн Анагаах Ухааны Боловсролын Холбооны VII хурлыг 2013 оын 6 сарын 9-12-ны хооронд “Анагаахын Боловсролын Үнэлгээ Одоо ба Ирээдүй”  сэдвээр эх орондоо анх зохион байгуулж, тус хуралд 13 орны 300 орчим боловсрол судлаачид, эмч мэргэжилтнүүд анагаахын боловсролын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар харилцан мэдлэг, туршлага солилцсон юм. Азийн Анагаах Ухааны Боловсролын Холбоо нь 2001 онд байгуулагдсан бөгөөд эгнээндээ Азийн 50 гаруй АУ-ны Боловсрол олгодог их дээд сургуулийг нэгтгэсэн сайн дурын байгууллага юм. Тус холбооны хурал нь 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд ээлжит 7-р хурлыг өөрийн сургууль дээрээ зохион байгуулах эрхийг МУ-ийн ЭМШУИС авч Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбоотой хамтран амжилттай зохион байгуулаад байна.

 

Танилцуулгыг бэлтгэсэн МАУБХ-ны гүйцэтгэх захирал

 Д.Отгонбаяр

Content

Content