Ази Номхон Далайн Баруун Бүсийн АУ-ны Боловсролын Холбоо (AMEWPR)-ны удирдах зөвлөлийн ээлжит хурал 2017 оны 2 дугаар сарын 1-3 нд Филлипин улсын Манилла хотод боллоо.
Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн нь Австрали, Вьетнам, Камбоджи, Лаос, Монгол, БНХАУ, Тайвань, БНСУ, Папуа Шинэ Гвиней, Фижи, Сингапур, Индонез, Филлипин улсын нийт 13 гишүүнтэй бөгөөд Удирдах зөвлөлийн дарга нь 2+2 жилээр сонгогдон ажилладаг. Одоогийн дарга нь Michail Field Австралийн Сидней Их сургуулийн Профессор.
Ази Номхон Далайн Баруун бүсийн АУ-ны Боловсролын Холбоо (AMEWPR)-ны явуулж байгаа гол үйл ажиллагаа нь Бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа анагаахын сургуулиудын сургалтын үйл ажиллагаа, түүний бодлого, хөтөлбөр, чанар, үнэлгээ болоод багшийн хөгжилд Дэлхийн АУ-ны Боловсролын Холбооноос гаргаж байгаа жишиг удирдамж, чиг хандлагыг нийцүүлэх явдал болно. Тэрчилэн бүс нутгийн Анагаах ухааны сургуулиудын сургалтын хөтөлбөрийн болоод байгууллагын магадлан итгэмжлэлийн асуудлыг олон улсын удирдамж, чиг хандлагын хэм хэмжээнд удирдан зохион байгуулах, гүйцэтгэх, дэмжих үйл ажиллагааг бүсийн холбогдох бусад (WPRO WHO) байгууллагуудтай хамтран зохион байгуулахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Анагаах ухааны боловсролын талаар байнгад анхаарч энэ чиглэлээр жил бүр судалгааны хурал семинар, сургалтыг гишүүн орнуудын их сургуулиудын мэргэжлийн багш судлаачдыг түшиглэн амжилттай зохион байгуулсаар ирлээ.Тухайлбал 2017 онд Маниллад болсон хурал нь Филлипин улсын Анагаах ухааны боловсролын холбоо байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээтэй уялдан зохион байгуулагдсан нь бүр ч утга төгөлдөр арга хэмжээ боллоо. Филлипин улс нь 103 орчим сая хүн амтай АУ-ны 44 их, дээд сургуультай, англи хэл дээр сургалтаа явуулдаг. Тус улсын АУ-ны Боловсролын Холбоо нь 1967 онд байгуулагдаад сургалтын нэгдмэл бодлого явуулж байгаа улс юм байна. Энэ утгаараа Сургалтын бодлого, хөтөлбөр, үнэлгээ зэрэг нэгдмэл арга хэмжээг гишүүн сургуулиудынхаа дунд хамтран зохион явуулж, нэгдэн ажиллаж байгаагараа ихээхэн үр дүнд хүрсэнийг тэмдэглэн хэлэх хэрэгтэй.
AMEWPR нь Бүс нутгийн анагаахын сургуулиудынхаа чанарыг олон улсын түвшинд хүргэхийн тулд Магадлан итгэмжлэл хийх замаар Вьетнам зэрэг улсын анагаахын сургуулиудад зөвлөн дэмжиж хамтран ажиллаж байна. Манай улсын хувьд 2011 онд ЭМШУИС-ийн Анагаах ухааны сургуулийн сургалтын хөтөлбөрт гадны хөндлөнгийн үнэлгээг амжилттай хийж ихээхэн үр дүнд хүрсэнийг бид мэдэж байгаа. Манай холбооны гишүүн сургуулиуд энэ чиглэлд хамтран ажиллаж, ахиц дэвшилд хүрэх сайхан боломж нээлттэй байна.
Академич Ц. Лхагвасүрэн
2017.03.24
AMEWPR Board Meeting, Philippine, 2017
AMEWPR Board Meeting, Philippine, 2017